Ерөө нутаг алдартай тариаланчдаараа бахархахаас аргагүй нутаг. Ууган баатраас эхлээд олон баатруудыг төрүүүлсэн газар. Тийм нутгийн нүүр царай болж явна гэдэг амаргүй бизээ. Харин ингэж чадсан хүн бол Гавъяат механикжуулагч С.Ганболд юм. Тэр 1970-аад оны тариаланч. САА нь түүнд итгэл өгч салааны ахлагчаар ажиллуулжээ. Тэр салаагаа чадварлаг удирдаж байлаа. 1984-1990 онуудад 13500-15750 цн ургац хураан авсан амжилтаар улсын ургацын аваргаар 5 удаа шалгарчээ. Салааных нь ажил ч даргаа дагаад өөдрөг байв. Тэр салаагаа эвсэг , нөхөрсөг, нэгнийгээ гэсэн уур амьсгалтай болоход нь биеэрээ үлгэрлэн дагуулсан гэж тариаланчид өдгөө бахдан дурсаж байна. Ерөөчүүд түүнд итгэлээ олон удаа өгчээ. БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгож төрөө төлөөлүүлж байв. Газар тариалан задарч хувийн олон жижиг хэсэг болоход ч тэр үндсэн үйлдвэрлэлээ алдагдуулалгүйгээр авч үлдэж чаджээ. Бүх газар ургац алдаж, тариалалт багасаж байхад тэр тогтвортой ажиллаж, хүнд бэрхийг туулан нойр хоолгүй зүтгэж байв. Үүний үр дүн ч гарч тэр 1 га-гаас 14-16 цн үр тариа жил бүр хураан авч чаджээ. Түүний авч үлдсэн “Их Шинэстэй” ХХК өдгөө ч Ерөөгийн тариалангийн түүчээ болж явна. Амьдралынхаа хэдэн арван он жилүүдийг газартай харьцаж өнгөрүүлсэн тэрээр нутгийнхаа олны итгэлийг хүлээж сумынхаа Засаг даргаар 2 удаа сонгогдсон юм. Хэзээний газарт сэтгэлээ өгсөн хүний хувьд тэр 2009 онд чөлөө гуйж өөрийн эрхэлж байсан газар тариалангийн компанидаа захиралаар эргэж очсон юм. “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”,”Алтан гадас “одон, “Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялааж олноо хүндлэгдсэн алдартанд Монгол улсын гавъяат механикжуулагч цол хүртээжээ.
Н.Нямжаргал дарга Ерөө САА-д домог мэт яригдаж үлдсэн хүн. Баянхонгор аймгийн Жаргалант суманд 1923 онд төржээ. Цэргийн алба хааж ирсэнийхээ дараа эвлэлийн үүрийн дарга, аймгийн намын хорооны зааварлагч зэрэг ажлууд хийж байгад Намын дээд сургуульд суралцжээ. Дараа нь Алта-Ата хотод САА-н удирдах ажилтны дээд курс төгсгөжээ. Дээд курс төгсөж ирсэнийхээ дараа Алтанбулаг САА-н даргаар томилогдож Сэлэнгэ нутагт ажлын гараагаа тавьжээ. 1963 онд түүнийг Ерөө САА-н даргаар томилжээ. Ийнхүү тэр “Ерөөгийн Нямжаргал” болжээ. Ерөө САА атрын ууган аж ахуй учир очиж байгаа хүнд хариуцлага бусдаас илүү гэдгийг мэдрүүлдэг газар байв. Улс даяар алдар суу нь түгсэн, олон баатрууд төрүүлсэн аж ахуйн даргаар ирнэ гэдэг амаргүй байсан нь мэдээж. Гэвч Нямжаргал дарга аж ахуйг удирдах асар их туршлага бий болгож, аж ахуйг шинэ үеийн байдалд зохицуулан удирдах, хөгжүүлэх, нийгмийн асуудлын шийдвэрлэх, хөгжлийн шинэ гарц руу хөтлөх арга ухааныг хослуулан ажиллаж чадсан хүн байв. Дээр нь тэр эдийн засгийн талаар өндөр мэдлэгтэй, төлөвлөгөөтэйгээр аж ахуйгаа хөгжүүлэх талаар хэтийн бодолтой ажилласан хүн. Аливааг арга эвийг нь олж хийж чаддаг, олж долохын ухаан сайтай дарга байсан учир аймаг алгасч аливааг бүтээдэг, хөрш буриад улстай байнгын харьцаатай байж ихийг амжуулж чаддаг байлаа. Нямжаргал даргын үед Ерөө САА хуучин бүхнээ гээж чадсан бөгөөд шинэ аж ахуйг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлсэн газар болгож чадсан юм. Тиймээс нарийн нарийвтар ноост “Ерөө” хонь, “Ерөөгийн” гэж алдаршсан урт нуруутай ягаан гахайг тэр бий болгож үлдээсэн юм. Хамт ажилласан хүмүүстээ итгэл өгч бие даалгаж чаддаг, аливаа ажлын дараа заавал шалгаж зааварладаг, бас дүгнэж урамшуулдаг хүн байлаа гэж өдгөө түүнтэй хамт ажиллаж байсан нөхөд нь дурсаж байна. Олон түмний санал бодлыг их сонсож гаргах гэж байгаа шийдвэртээ заавал тусгаж хэрэгжүүлдэг байсан нь их онцлог байжээ. Аливаа хөрөнгийг замбараагүй зарахыг шүүмжилдэг, илүү зардал гаргахаас зайлсхийхийг нөхөддөө сануулдаг байсан нь олон хүнийг эдийн засгач, арвич хямгач болгоход тусалжээ.
Төр, засаг түүний хөдөлмөрийг үнэлж 1973 онд “БНМАУ-ын гавъяат эдийн засагч” цол хүртээжээ. Тэр 1983 онд АИХ-ын депутараар сонгогдож байлаа.
Ерөө САА-н тракторч-комбайнч М.Алтангэрэл 1974 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Тэр 1961 онд “СК-3” комбайн авч ажиллажээ. 1966-1972 онуудад комбайнаар 4890 га хурааж, 7 жилд 20 жилийн ажил хийжээ. 5-р таван жилийн эхний 3 жилд 13 жил 6 сарын ажил хийсэн амжилтууд нь түүнд баатарын алтан таван хошуу зүүх алдар хүндийг авчирчээ. Баатрууд маань бүгд өөрийн аргатай. Тэр цаг хожих олон аргыг өөртөө мөрдөж ажиллажээ.
Алтангэрэл баатарын амжилтын гол үндэс нь цагийн тооцоо, түүнийг хэрэгжүүлэх сахилгыг чанд сахиснаар илэрдэг. Тэр 1980-аад оны дундуур бригадын даргаар ажиллаж 1987 онд ахалсан бригад нь аймгийн аварга тариаланч хамт олон болж байжээ.
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул. Ерөөгийн САА-н тракторч-комбайнч.
1961 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртсэн ууган атарчин.1960 онд ХАА-н тэргүүний тракторч, комбайнчдын бүсийн уулзалтад шалгаран оролцсон юм. Энэ уулзалт дээр хөдөлмөрийн баатрын болзол хангахаас нааш тариан талбараас буухгүй гэж амлаад хаврын тариалалтаар 2121 га явж хоёр мянгач тракторын нормыг хангаад амласныхаа анхны босгыг давжээ. Баттөр намар нь “СК-3” комбайнаар 526 га талбайгаас 9994 цн ургац авч, 1414л шатахуун хэмнэж БНМАУ-ын хөдөлмөрийн баатрын болзолыг 13 хоногт биелүүлэн өмнө нь хөдөө аж ахуйн хуудсанд гараагүй аваргын агуу шинэ норм тогтоосон юм
Анхны атарчин, ууган тариаланч түүнийг 1960 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.
Ерөөгийн САА-н тракторч-комбайнч Г.Лувсанчимид “ДТ-54”, “С-80” трактор, “С-4”, “С-6”, СК-3” комбайнууд барьж атар газарт өөрийн мөрөө үлдээсэн алдарт тариаланч юм. Дээрх техникүүдийг барьж жил бүрийн төлөвлөгөөт зорилтыг тогтмол 130-140 хувь биелүүлж байлаа. 1954 оны хавар 1080 га-д үрэлгээ хийж, намар нь “СК-3” комбайнаар ажлын 16 хоногт 524 га-гийн тариа хадаж, 8425 цн ургац авч энэ комбайны дээд амжилтыг үзүүлж байсан байна. Ийнхүү ажиллахдаа 2225л шатахуун хэмнэж чадсан байна.
Лувсанчимид баатар эдүгээтэй харьцуулахад бүтээмж багатай, хаалт хамгаалалтгүй техникээр өндөр амжилт үзүүлж байсан цөөхөн тариаланчдын нэг юм.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын харъяат. 1958 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цолоор шагнагджээ.
1953 оноос хойш Ерөө САА-н тракторч-комбайнчаар ажиллажээ.1953-1957 онд “ДТ-54” трактораар зөөлөнд шилжүүлсэнээр 1700га хагалжээ. 1957 онд 500га атар хагалж 10 хоногт 900га үр суулгаж “С-6” комбайнаар 150 га-гийн ургац хурааж байсан алдарт тариаланч. 1958 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд шагналыг газар тариалангийнханаас хамгийн түрүүнд хүртсэн агуу хүн юм. Ууган баатар маань амжилтад хүрсэн 12 аргаа ийнхүү нэрлэлээ.
1.”ДТ-75” тракторын 4 далбаат сэнсэнд 2-ыг нэмж 6 болгосноор моторын халалтыг багасган, сул зогсолтыг арилган хагалах ёстой нормт га-г 9-21 га-гаар нэмэгдүүлжээ.
2.Үрэлгээ хийхдээ үрлүүр дээр сууж яваа хүмүүс ,үр зөөдөг жолооч нартай нарийн хэлцэж цаг хожсоноор өдрийн үрлэх нормыг 7-37 га-гаар нэмэгдүүлжээ.
3.Үрэлгээний үед агрегатын тоог 4-д хүргэж тариалах өргөний хэмжээг нэмэгдүүлжээ
4.Агрегатуудын дугуйг нэгнээсээ 20см-ийн дотор байхаар тохируулж мөр хоорондын гологдол гаргадаггүй болжээ.
5.Тариалах мөрийн гүний тохируулгыг нарийн хийж сурчээ.
6.Тосолгоог өдөр бүр ажил дууссаны дараа хийж, агрегат дээр яваа хүнд тослох дугуйг өдөр бүр зааж хийлгэж сургажээ.
7.Шанг тэгш татаж, хагалгааг эхлээд өрж шангийн эцэст хүрээд хумьж хагалдаг байна. Эндээс шатахуун хэмнэж сул явалтыг багасгаж чаджээ.
8.”ДТ-54” тракторын 2, 3-р араагаар л ажилладаг. Бусад араагаар явах нь хөрсний элдэншүүлэг, гүн үр суулгахад алдаа гарна гэж үздэг байна.
9.Анжисны тохируулгы сайн хийж сурчээ.
10.Ямарч үед эр, эм эрэг, 14, 20-ийн боолт ,цан, цангийн таглаа авч явна. Шаардлагатай үед цаг алдахгүй гэж үздэг байна.
11.Борной үрэлгээний үед агаар цэвэрлэгчийг өдөр бүр цэвэрлэдэг. Энэ нь гильз, поршингийн элэгдлийг багасгадаг байна.
12.Түлшний аппаратыг байнга цэвэрлэж хэвшжээ.
Энэ 12 зүйлийг мөрдлөг болгож ажилласнаар баатар болоод зогсоогүй дараагийн олон жилүүдэд тогтвортой амжилт гаргах нөхцөл бүрдсэн байна.Н.Бямбацогт гуай газар тариалангийн ууган баатар гэдгээрээ түүхийн хойморт алтан үсгээр бичигдэх алдар хүндийн эзэн болж чадсан хүн. Араасаа олон арван баатруудыг дагуулсан булган сүүлтэй баатар ч гэж болно..
© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency