ЕРӨӨ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТҮҮХИЙН ХУУДАС
Сумын төв 1925 онд Карниковт төвлөрснөөс хойш жижиг улаан булантай байжээ. САА байгуулагдан сумын төв Тавинд шилжин ирэхэд хуучин хорих лагерийн улаан буланг сумын улаан булан болгож /1990 оноос өмнө нийтийн аж ахуйн үйлчилгээ байсан дүнзэн байшин/ 150-200 хүний багтаамжтай үзвэрийн танхим, тайз, арын өрөөнүүд бүхий тухайн үедээ том улаан буланд тооцогдон, 1958 он хүртэл улаан булан, 1958-1964 он хүртэл клуб, 1964 оноос Ажилчны клуб нэртэй эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч,кино механикжуулагч, үйлчлэгч гэсэн орон тоотой ажиллаж байсан.
1961 онд одоогийн Соёлын төв ашиглалтад орж 400 хүний суудал бүхий ямар ч жүжиг, концерт тоглож болох зориулалтын клубтэй болжээ. 1953 онд Цэдэвсүрэн гэдэг хүн эрхлэгч, кино механикчийг хавсран хийж байсан бол Г.Цэвээндорж 1955-1980 он хүртэл бүжгийн багш, П.Баасанбаа хөгжмийн багшаар 1963-1992 он хүртэл, Шагдар олон жил кино механикч байжээ. 1954 оноос номын сан ажиллаж хуваарь цагаар, мөн гэрээр ном өгч уншуулдаг байв. Зах зээлийн хүнд хэцүү үед Соёлын төв нь үүд хаалгаа барилгүй ажиллаж хүн ардаа соёлын үйлчилгээгээр тасралтгүй үйлчилж ирсэн юм. Энэ үед аймгийн хэмжээнд сумын номын сангуудыг сургуулийн дэргэдэх номын сан руу шилжүүлснээр тус сумын номын сан 2007 он хүртэл сургуулийн номын сангаар ажиллаж байв. 2001 оноос Соёлын төв гэж нэрлэдэг болсон юм.
Улаан булан, клубын эрхлэгчээр Цэдэвсүрэн, Дашзэвэг, Г.Цэвээндорж, Цэрэндорж, Д.Өлзийхүү, Туулайхүү, Нэргүй, С.Бурмаа, Т.Цэрэндулам, Б.Оюунчимэг нарын хүмүүс ажиллаж байсан бол 1994 оноос одоог хүртэл Ф.Болормаа ажиллаж байна.
ӨНӨӨГИЙН СОЁЛЫН ТӨВ
Соёлын төв нь дарга, нягтлан бодогч, номын санч, хөгжмийн багш, бүжгийн багш, Орон нутаг сурталчлах танхимын ажилтан, үйлчлэгч гэсэн 7 орон тоотойгоор Соёлын талаар төрөөс баримтлах бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлах, иргэдэд түүх соёлоо дээдлэх зөв төлөвшлийг бий болгох, тэдний авъяас билгийг нээн хөгжүүлж гоо зүйн хүмүүжил олгох, амралт, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд туслах, зөв иргэн болж төлөвшүүлэх зорилготойгоор жилдээ 20-25 төрлийн 180 нэгж ажил зохион байгуулж хөдөөгийн иргэд, малчид, хүүхэд залуучуудад болон нийгмийн бүх давхаргад соёл олон нийтийн ажлаа олон арга хэлбэрээр явуулж давхардсан тоогоор 25600 гаруй хүнд үйлчилж үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус сумын Соёлын төв 2016 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2016 оны 03 сарын 09-ны өдрийн №27 тоот тогтоолоор Ерөө сумын уугуул, хөгжмийн зохиолч, удирдаач, Цэргийн үлээвэр найрал хөгжмийн зохиолын “Маршийн хаан” гэж алдаршсан МУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн, хурандаа Навааны Цэрэнпилийн нэрэмжит Соёлын төв болсон.
Соёлын төвөөс ардын авъяастануудаа түшиглэн хүүхэд багачуудын авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор морин хуур, баян хуур, ятга, ёочин, шанз, буриад ардын дуу, энэтхэг бүжиг, цэнгээнт бүжгийн дугуйлангуудыг тогтмол хичээлүүлсний үр дүнд морин хуурын Монгол аялгуу-1,2,3 хамтлаг, баян хуур хөгжмийн Хатан Ерөө хамтлаг, цэнгээнт, ардын, Энэтхэг бүжгийн /Улаан сарнай, Хатан Ерөө, Ерөөгийн уянга, Ирмүүн, Болор шигтгээ, Сондор, Одод, Уран хэлхээ,Хараацай-1,2,3,4,5,6,7,8/ хамтлагууд, Загасан ширээт тамга, Залуус, Болор зэрэг дууны хамтлагууд байгуулагдсанаар Олон улс, улс, аймаг, бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсоор ирлээ. Үүнд: Алтаргана 2010,2018 Олон Улсын наадмаас буриад ардын дуугаар Тэргүүн байр эзлэн Гранпри шагнал, тусгай байр, улсын чанартай Монгол үндэстний дууны их наадмаас “Загасан ширээт тамга” хамтлаг нь 3-р байр, Авъяаслаг гэр бүл шалгаруулах уралдаанд гэр бүлийн “Хатан Ерөө” хамтлаг Дэд байр, Ганга мөрний уянга-Энэтхэг бүжиг, Хаврын баяр зэрэг бүжгийн наадам, Соёлын төвүүдийн анхдугаар наадмуудад 237 ардын авъяастан, хүүхдүүд оролцож 4 цом, 107 алт, 71 мөнгө, 98 хүрэл медаль хүртсэн бол,
Аймгийн чанартай “Бид Сэлэнгийн үр сад”, “Гэгээн хүслэн”, “Өвлөн бүжицгээе”, Ардын урлагийн бага наадам, Ахмад настаны Соёл урлагийн наадам, Аймгийн багш нарын анхдугаар урлагийн наадам, Сэлэнгээр жигүүрлэсэн бидний эгшиг- хөгжимчдийн уралдаан, Сэлэнгийн хавар, уралдаануудад нийт 624 хүүхэд, ардын авъяастанууд оролцож 12 цом, 315 алт, 166 мөнгө, 93 хүрэл медаль хүртсэн амжилтуудыг үзүүлсэн нь бидний бахархал юм.
Манай хамт олон нь Улсын мэргэжлийн хяналтын газрын шалгалтанд “ХАНГАЛТТАЙ САЙН” үнэлэгдэж Гэрчилгээгээр, үйл ажиллагаагаараа аймагтаа 5 удаа Тэргүүн байр, “Аймгийн Шилдэг Соёлын төв” батламжийг 2 удаа, Хамтын гэрээ хэрэгжүүлэгч байгууллагаар 4 удаа, аймгийн Шилдэг Соёлын төвийн эрхлэгч, Шилдэг номын санчаар 2 удаа, Сэлэнгэ аймгийн Соёл урлагийн аварга ажилтанаар Соёлын төвийн дарга, хөгжмийн багш шалгарч, сумын Хөдөлмөрийн аварга хамт олноор 2 удаа, Соёлын төв чанартай үйлчилгээ-4 улсын уралдаанд Сэлэнгэ аймгаасаа 1 дүгээр байранд шалгарсан амжилтыг үзүүлээд байна.
Гадаад харилцаагаа хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын Буриадын Алтай, Зэдийн район, Учөөтэй сумын сургууль, Сэлэнгийн Ерөө зэрэг аймаг, сумдтай шефийн холбоотой ажиллаж сум орноо сурталчлах зорилгоор 7 удаа аялан тоглолтыг хийлээ.
Соёлын төвөөс үе үеийн ардын авъяастануудаа урамшуулан улс, аймаг, Засгийн газрын шагналд тодорхойлсноор сүүлийн жилүүдэд Монгол Улсын Төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС ОДОНГООР–2”, “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬТАН-7”, Монгол Улсын “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН-14”, “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ УРАН САЙХАНЧ-2”, Монгол Улсын “ТЭРГҮҮНИЙ АРДЫН АВЪЯАСТАН-20”, МҮЭ-ийн “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН-9”, Аймгийн “БҮТЭЭЛЧ СОЁЛЫН АЖИЛТАН-8”, “ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ-2”, “БҮТЭЭЛЧ АРДЫН АВЪЯАСТАН-18”-ыг төрүүлэн гаргасан байна.
Жил бүр уламжлал болгон зохион явагддаг “Ерөө нутгийн үрс” хүүхдийн урлагийн наадам, “ Бид Ерөө нутгийнхан” албан байгууллагуудын урлагийн наадам, “Гоо охин”, “Манлай охин”, “Бүсгүйчүүд”, “Эрчүүд”, “Эстрадын бяцхан дуучин”, “Авъяаслаг бяцхан мисс”, “Үйлчин охид”,”Хаврын гоёл”, “Хос уянга”, “21 дахь эх”, “Удмын заяатай аавууд”, “Дархан бэр”, “Уран бэр”-ийг алдаршуулах арга хэмжээ, Буриадын нэг өдөр арга хэмжээ, тэмцээн уралдаанаас гадна сумын ЗДТГ-тай хамтран сар бүр 1 төр төсвийн байгууллага, 1 аж ахуй нэгжүүдийг хамтруулан иргэдийн дунд соёл урлаг, спортын үйл ажиллагааг явуулж, Ахмадын хороотой хамтран сар бүрийн 10-ны өдөр Ахмадын дуулах өдөр” дуун цэнгүүнийг тогтмол явуулж хэвшээд байна. Өргөн олныг хамран зохион байгуулж буй ажил нь тэдний нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлж, олны талархалыг хүлээж байна.
Хөдөөгийн малчдад соёлын үйлчилгээг хүргэхдээ сумын төр төсвийн байгууллагууд, Багийн Засаг дарга нартай хамтран жилдээ 5-6 удаа малчдын хотонд нь очиж өдөрлөг, уулзалт, хурал цуглаан, эрүүл мэндийн үзлэг, худалдаа үйлчилгээ, явуулын номын сан, Орон нутаг сурталчлах танхимын үзэсгэлэн, Угийн бичгийн сургалт, Кино үзвэрийн үйлчилгээ хүргэхээс гадна чөлөөт цагт нь зориулж Хөгжилтэй буухиа, урлагийн тоглолт, хөл бөмбөг, волейбол, үндэсний бөхийн барилдаан, монголын уламжлалт ногт зангидах, сампин зангидах, шагай шүүрэх зэрэг тэмцээнүүд, мөн Адуучин, Саальчин, АХА, Караоке дуу, Аав ээж би,үдэшлэг цэнгүүнийг тогтмол явуулснаар малчдын нийгмийн идэвхи сайжирч малчид хотноосоо бүхий л үйлчилгээг авч байна.
Соёлын төвийн дэргэдээ 2005-2014 он хүртэл Орон нутгийн телевизийг ажиллуулж, сум орон нутгийнхаа бүхий л цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байсан. Мөн Ерөө бүсийн хэмжээндээ “Дуу бичлэгийн студи”-ийг 2016 оноос эхлэн байгуулж өөрсдийн мэргэжил, мэдлэг чадвар дээрээ тулгуурлан дууны үгэнд аялгуу, ая зохиох, дууны хөгжим бичих, хоолой бичих, сидинд хуулах, боловсруулах боломжтой болсон.
Томоохон хөрөнгө оруулалтаас дурьдвал: Байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах, хөгжим техник хэрэгслийг шинэчлэхэд онцгойлон анхаарч сумынхаа удирдлагуудтай хамтран ажилласны үр дүнд сүүлийн 10-аад жилийн хугацаанд 324,792,190 сая төгрөгний үнэ өртөг бүхий орчин үеийн хөгжим, техник хэрэгсэл, гэрэлтүүлэг, үндэсний хөгжим, урлагийн хувцасаа шинэчилснээр бусад сумдын соёлын төвүүдээс давуу талтай болсон юм.
НОМЫН САНГИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХ
Ерөө суманд 1930-1940-өөд оны үед Улаан гэр гэж нэрлэдэг байсан жижиг улаан, 1948 онд шинээр барьсан том улаан буланд баялаг фонд бүхий номын сан байх нөхцөл бололцоо бүрдээгүй, харин ухуулга сурталчилгаанд ашиглах сонин сэтгүүлээр үйлчилж байжээ.
1961 онд шинэ Соёлын төвийн барилга ашиглалтанд орж төсөв төлөвлөгөөнд тусгуулан ном сонин, сэтгүүл захиалан номын фонд бий болгох ажлыг клубын эрхлэгч хариуцан гүйцэтгэж байсан. Клуб ард иргэд, хөдөлмөрчдөд урлаг соёлоор үйлчлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэйн хувьд номын санг клубт хариуцуулж, номын санчийг аймгийн АДХГЗахиргааны Соёлын хэлтэсээс томилдог байжээ. 1967 онд аймгийн Соёлын хэлтсийн даргын тушаалаар клубын хүүхдийн сектор, номын сангийн эрхлэгчээр Х.Мандахыг томилсон байна. Номын сан нь хуучин САА-н запас сэлбэг байсан улаан чулуун барилгын өрөөнд байрлаж байжээ.
1971 онд Н.Цэцэгээ, 1874 онд Ц.Дуламсүрэн, 1975 онд О.Цэцэгмаа, 1983 онд Ш.Оюунчимэг тус тус томилогдон ажиллаж байв. 1994 онд эдийн засгийн хямралын улмаас цалинг нь өгч чадахгүйд хүрсэн тул номын санчийнхаа орон тоог хасч сумын номын фондоо сургуулийн номын санд шилжүүлсэн билээ.
2007 оны 12 дугаар сард сумын номын санчаар Б.Оюунчимэгийг томилон Соёлын төвийнхөө нэг өрөөг засварлан тохижуулж сургуулийн номын сангаас 2573 ширхэг хуучин номыг эргүүлэн татаж номын сангаа байгуулсан.
НОМЫН ФОНД БАЯЖИЛТЫН ТАЛААР:
Номын сан нь 4105 ширхэг номтой. Жил бүр шинэ номын баяжилт хийгдэж байгаагаас 2013-2022 онуудад нийт 1392 ширхэг номоор фондын баяжилт хийсэн байна.
2013-2022 онуудад Номын сангийн уншигч үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлж 1370 уншигч, 6264 ирэгсэд, нийт 7634 уншигчдад 10536 номоор үйлчилж ажилласан байна. Мөн төрийн мэдээлэл, гэр гэртээ тогооч, өглөөний сонин, өдрийн сонинуудыг номын сандаа захиалж хүмүүс тогтмол уншиж үйлчлүүлэх болсон.
СОЁЛ ОЛОН НИЙТИЙН АЖИЛ:
Номын сангаас уншигчдын дунд “Уран жиргээ”, “Дунгийн эгшиг”, “Том ном бүтээх”, “Гар зургийн уралдаан”, “Үлгэрийн баатрууд амилсан нь”, “Үлгэрээр хүмүүжье”, “Ангиараа уншья”, “Баримлын шавраар урлахуй”, “Удмаа мэдэж-ургаа танья”, “Цэвэр бичигтэн шалгаруулах”, “Хичээнгүй бичигтэн шалгаруулах”, “Эссэ бичлэг зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулахаас гдна Тэргүүний уншигчийг насны ангилалаар хагас, бүтэн жилээр шалгаруулж, шинээр ирсэн номыг байгууллагын фейсбүүк хаягаар сурталчлан ажиллаж байна. Мөн хөдөөгийн малчдад улирал тутам явуулын номын сангийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
БИДНИЙ АМЖИЛТААС:
2006 онд аймгийн “Шилдэг номын санч” өргөмжлөлөөр
2012 онд аймгийн “Шилдэг номын сан” Батламжаар
2013 онд аймгийн “Шилдэг номын санч”-аар тус тус шалгарсан.
Цаашид номын сан нь уншигчдын эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолыг судлан тэдэнд хэрэгцээтэй материалыг цаг тухайд нь хүргэх, хүн төрөлхтөний оюуны бүтээл болон ном хэвлэлийг цуглуулах, хадгалах, хамгаалах, номын сангийн үйлчилгээний хүрээг чанаржуулан өргөжүүлж орчин үеийн шаардлагад нийцүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн цахим номын сантай болох зорилт тавин ажиллаж байна.
ОРОН НУТАГ СУРТАЛЧЛАХ ТАНХИМ
Соёлын төвдөө 2007 онд шинээр Орон нутаг сурталчлах танхимтай болж, 2012 оноос Ерөө суманд 2009 онд шинээр баригдсан музейн байранд оруулснаар эд өлгийн танхим, ан амьтны танхим, сумын бахархал болсон үе үеийн алдартнууд, Хөдөлмөрийн аваргууд, ХАА, газар тариалангаас төрсөн алдартнуудыг харуулсан зурагт самбар зэргийг байршуулан ард иргэддээ сурталчлан ажиллаж байна. Жилдээ давхардсан тоогоор хүүхэд, том хүн, гадаадын нийт 1100 гаруй хүн уг танхимаар үйлчлүүлсээр ирсэн. Уг танхимд 102 дэсийн 134 Соёлын өвийг бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгээд байна.
© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency