Дурсамж, дурдатгал
Манайх гэр бүлээрээ 1988 оны навч, цэцэгс бүрэн дэлгэрсэн 8-р сарын эхээр Номгоны “САА”-аас шилжин ирж, бэлэн 2 өрөө байранд орж амьдарч байсан билээ. Удалгүй тус “САА”-н дарга, ерөнхий зоотехникч нарын дуудсанаар очиход, тус “САА”-н үндсэн сүрэг болох “Ерөө” үүлдрийн хонины үржил фермийн даргаар томилсон тухай тушаалыг танилцуулж; ажлаа юунаас эхлэх тухай заавар, зөвлөмж өгч, маргаашнаас, ажил хүлээлцэх 5 хүнтэй хамт, хөдөө малчдаар явж, үндсэн ажлаа хүлээн авах үүрэг, даалгавар өгч байсан нь тодхон санагдана. Ажил хүлээлцэх комиссын даргаар ерөнхий зоотехникч Г. Сандаг, гишүүдэд малын их эмч Т. Мөнхбаяр, хуучин фермийн даргаар ажиллаж байсан Ч. Цэрэнноров, Д. Пүрэвбаатар нарын бүрэлдэхүүнтэй комисс, бүтэн 3 хоног явж бүхий л хонин сууриудаар орж байсан юм. Тэр үед хонин сууриудын ихэнх нь хонио ноослоод, угаалгын ванн-д орсон болохоор хонины өнгө зүс өнгөтэй сайхан болсон байсан. Тэдгээр хонин сууриуд нь Хандгайтын эх, Баянголын зуншлага сайнтай нутгуудаар зуны оторт гарцгаасан байв. Харин Казак голдуу 10 гаруй сууриуд хониныхоо ноосыг бүрэн аваагүй, хаваржаандаа зусч байсан малчдад хугацаатай үүрэг даалгавар өгч явлаа. Ажлаа авсаны дараа цаашид хийх ажлаа сар, улирлаар төлөвлөж, “САА”-н даргаар батлуулж, түүнийхээ биелэлтийг цаг тухайд нь гаргаж байсан санагдана. Мэргэжилтэн болсоноос хойш миний мөрдлөг болгосон зүйл гэвэл: нэгдүгээрт аливаа ажлыг, урьдчилан төлөвлөх, хоёрдугаарт төлөвлөсөн юмаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх, гуравдугаарт, өгсөн үүрэг даалгавраа цаг хугацаанд нь гүйцэтгэлээ эргэн шалгах гэсэн 3 зарчмыг баримтлах юм. Үүний тулд, фермийнхээ хоньчдод зун, намрын тарга хүчний тооцоог намар хийхийн тулд,хонин сүргийн хаврын дундаж жинг тогтоохын тулд бүх сууриудын хонинд хаврын жигнэлтийг 15-21 хийж дунджыг тогтоон намрын цагт хүргэх дунджыг даалгавар болгохын хамт, энэ хугацаанд хийх гар тэжээлийн даалгавар өгч, биелэлтийг намрын пүүпэлт жигнэлтээр хэмжиж тогтоодог байв. Эцсийн дүнг фермийн малчдын өдөр 10-р сард гарган дүгнэж, цуваагаар байр эзлүүлэн тэргүүний 5-10 малчдыг шагнаж урамшуулдаг байв. Яг энэ үеэр нам засгаас тарган мал, тал бүрийн ашигтай гэсэн уриа лозун гарч байсан юм. Манай малчид, хоньчид ч тэр лозунг ойлгосны үр дүнд 100 эхээс бойжуулдаг тэрийг 85-86 хүргэж байсан. Мал төллүүлэх баазаар дамжуулан хүлээн авч байсан нь тэр амжилтанд шууд нөлөөлсөн гэж үзвэл зохино. Манай үржил фермийн ажлыг 1986 оны эцэст аймгийн ХААУГазраас дүгнэж аймгийн тэргүүтэй фермээр шалгаруулж, гэрчилгээ, 100000 төгрөгөөр шагнаж байсан юм. Мөн түүнчлэн 1988 оны намраас эхлэн Дарханы МАХ Камбинет-д бэлчээрээр таргалуулж бордсон амьдын жингээр 45 кг-д хүргэж тушаасан, манай СНА фермийг 500000 төгрөг, гэрчилгээгээр шагнуулж байсан юм. Ийнхүү үржил фермийн даргын албыг 10 гаруй жил хашиж билээ. Харин 1992 оны хавраас Их Баян ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсны нэмэр тус комбинатын хэнз давжаа 100 толгой тэжээлийн хургыг хүлээн авч, хүчит, эрдэс болон ногоон тэжээлийн хүчинд тоо бүрэн онд оруулсан тул манай гэр бүлийнхнийг 10 толгой хургаар урамшуулж байсан нь манайхны хонин сүрэгтэй болохын үндэс болсон билээ. Мөн 1993 оны намрын улиралд тус компаний 30 гаруй бордооны гахай хүлээн авч, гэр бүлээрээ хүч чармайлт гаргаж тэжээж бордсоны үр дүнд хаврын тариалалтын цагаар захаас нь авч нядлахад түүний гулууз мах нь 100 кг-аас дээш жинд хүрч байсан нь компаний харамгүй өгч байсан хүчит эрдэс тэжээлийн буян гэлтэй. Харин 1994 оны намар, Хандгайт ХХК-ийн хүсэлтээр үржлийн 200 гаруй Ерөө үүлдрийн хонин сүргийг гэр бүлээрээ хүлээн авч, Баруун Сэнстийн өвөлжөө, хаваржаанд өвөлжиж, хаваржих хугацаандаа 5-р сарын эцэст төл бойжилтын дүнгээр компаниас өгсөн даалгавраас илүү бойжуулсан 10 толгой хургаар манай гэр бүлийг шагнаж урамшуулж байсан нь саяхан мэт санагдана. 1995 оны намар, хонин сүргийг гндсэн компанид нь эргүүлж өгсний дараа сумын төв ороод удаагүй байснаас тус сумын 2-р гишүүдийн хурал хуралдахад сут сангийн аж ахуйн дарга байсан Пүрэвжав даргын гаргасан саналыг дэмжсэн бүх гишүүдийн саналаар тус багийн 3-р даргаар дэвшин ажиллах болсон юм. Би ажлаа багийн гишүүдийнхээ багийг бүрдүүлэхэд ахнаарч ажилласны үр дүнд багийн байгаль хамгаалагч болон хүн малын эмч нараа туршлагатай хүмүүсийг авч ажиллуулж байлаа. Мөн түүнчлэн багийн айл өрхүүдийг 6 хэсэгтхуваарилан туршлагатай ахлагч нараар удирдуулсан юм. Миний ажиллах хугацаанд хавар, намрын улиралд ой, хээрийн түймэр байнга гардаг байсан тул 20-30 насны цэргийн алба хаасан 25-27 хүнтэй гавшгай бригад байгуулж тэднээ өөрийн биеэр удирдаж эхний ээлжинд галын шугамаар галыг газар авхуулахгүй унтраадаг байлаа. Цаг хугацаа хэрхэн өнгөрч багийн 3-р даргын албыг 6 жил шахам хашсан юм. 1999 оны аймгийн хөдөө аж ахуйн удирдах газрын шийдвэрээр тус аймгийн Баянгол суманд ажиллах албан томилолт иртэл албан ажлаа хашиж байсныг энэ дашрамд дурдахад ХАН, хэмээх Ерөө нутагт 20 шахам жил амьдрах хугацаанд манай гэр бүлийнхэн энэ сайхан нутаг, усанд их сэтгэл хангалуун байж, үр хүүхдүүд минь суралцан бага, дээд сургуулиа амжилттай дүүргэж одоо ч гэсэн үр хүүхдүүд минь дурсан ярьцгаах дуртай билээ.
Дурдатгал дурсамжаа бичсэн: Тайжууд удмын мал зүйн мэргэжилтэн Д.Шайрийбуу
Боржгон удмын цэцэрлэгийн багш мэргэжилтэй Д.Нэргүй нар болно.
Хөх луу жилийн хаврын дунд Улаагчин туулай сарын хөх морь өдөр буюу 2024 оны 4-р сар
© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency