БУГАНТ ТОСГОНЫ ТАНИЛЦУУЛГА
Бугант тосгон нь анх 1926 онд Ерөө сумын “Хонгорын ам”-д Ерөөгийн модон завод нэртэйгээр 3 гэр, 18 ажилтантай анх үүсгэн байгуулагдаж, хүн ам суурьших суурь нь тавигдсан байна. Модны үйлдвэр нь нөөцөө даган Хонгорын ам, Ходоод, Бугант гэсэн газруудад шилжин байрлаж, засаг захиргааны нэгжийн хувьд 1936 онд Сайд Нарын Зөвлөлийн тогтоолоор Ерөө хороо нэртэй болсон.
Ерөө хорооны удирдлага нь Ерөө хорооны АДХГЗ-ны дарга, мод бэлтгэлийн аж ахуйн дарга гэсэн орон тоонд хавсран гүйцэтгэж байснаар 1977 оны 3-р сард Ерөө хорооны удирдлага нь тусдаа бие даан орон тооны болж Сэлэнгэ аймгийн харъяалалд сумын зэрэглэлтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны нэгж болон ажлаа явуулж байсан ба 1991 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар Ерөө сумын 3-р баг, Хот тосгоны эрх зүйн хуулиар Бугант тосгон гэсэн нэгж болон ажиллаж байна.
Өнөөдөр Бугант тосгон 935 өрх, 3231 хүн амтай. 581.8 мянган га нутаг дэвсгэртэй. Сэлэнгэ, Дархан уул аймгаас 160 км, Улаанбаатар хотоос 420 км алслагдсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хүдэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, хойгуураа ОХУ-ын Буриадын бүс нутгаар тус тус хиллэдэг. Уртрагийн 107 ° 40 ″ , өргөргийн 46 °60″ солбилцолд оршдог. Ойн хоёр бүсэд хамаарагддаг. Далайн түвшнээс 750-1300 м өргөгдсөн.
Бугант тосгоны Захирагчийн алба нь төрийн захиргаа хууль эрх зүйн мэргэжилтэн, Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн, Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Хөрөнгө оруулалт,хэвлэл мэдээлэл дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн,архив, албан хэрэг, төрийн сангийн төлөөлөгч, мэргэжилтэн, нийгмийн даатгал, халамж, байгаль орчин, ойн анги, газрын алба, цаг уур зэрэг чиглэлээр 24 хүний бүрэлдэхүүнтэй төрийн үйлчилгээг үзүүлж байна. Бугант Захирагчийн алба нь 2022 он болон 2023 онд Монгол Улсын хууль тогтоомж, урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газар болон аймаг, сумын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж Сэлэнгэ аймгийн тэргүүний тосгоноор тус тус шалгарсан. Мөн 2023 онд Бугант тосгоны хүүхэд хамгааллын хамтарсан баг нь шилдэг хамтарсан багаар шалгарсан.
Одоо Бугант тосгонд 12 жилийн Ерөнхий боловсролын сургууль, 2-р Цэцэрлэг, ЭМТ , Ахмадын Холбоо, ХААН банкны салбар, Төрийн банкны салбар, Шуудан алба, Эмийн сан, Цагдаагийн тасаг, 2 ШТС, Соёлын төв ЕБСДОА зэрэг төр, төсвийн байгууллагуудаас гадна ойн мэргэжлийн Сэлэнгэ Бугант ХХК, Ерөө ой мод ХХК, Буян-од ХХК, Сосна ХХК, Номин од ХХК, Алтан со-лин ХХК, ЭБНЗ ХХК, Үзэсгэлэнт Бугант ХХК, Бугант минж, Тэба гацуур ХХК, Шаамар залаа толгой ХХК, Бугант говь ХХК, Бугант нандин ХХК-ууд нь жилдээ хэрэглээ, түлээ, арчилгаа цэвэрлэгээний 47000 м3 мод бэлтгэж тээвэрлэн зүсмэл үйлдвэрлэхээс гадна мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргахын зэрэгцээ жилдээ 3.0 сая-5.5 сая нарсны тарьц ургуулан ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэдэг. Нийт ойн сан нь 682525 га талбайтай. Төр захиргааны 7 байгууллага болон зочид буудал 3 , талх нарийн боовны цех, халуун ус саун, худалдаа үйлчилгээний 60 орчим цэг үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байна Үүрэн телефоны Мобиком, Сайтел, Юнител, Жи- мобайлийн сүлжээтэй.
Ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучлан ажиллаж, төрийн шагнал хүртсэн хүмүүс олон бий. Үүнд : 1961 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ч.Чулуунбаатар, 1971 онд Б.Дашзэвэг, 1984 онд Ойн гавъяат ажилтан Л. Чангас, 2011 онд Г.Сахъабазар Хүний гавъяат эмч, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой 5, Алтан гадас одонтой 96, Хөдөлмөрийн хүндэт медальтай 149, Хөдөлмөрийн улсын аварга хамт олноор давхардсан тоогоор 216 хүн тус тус хөдөлмөрийн өндөр амжилт гарган улс ардын аж ахуй, эх орноо бүтээн байгуулах их ажилд гар бие оролцон ажиллаж ирсэн.
2023 онд хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Г.Эрдэнэтуяа, АБТА Ж.Бурмаа нар 2024 онд Д.Рэгзид, Т.Эрдэнэчимэг , Байгаль орчны гавьяат ажилтангаар В.Буянтогтох, Алтан гадас одонгоор Д.Долгор, Ч.Дашцэрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Д.Эрдэнэбулган нар тус тус шагнуулсан байна.
Хөрс ургамлын байдал: хөрсний тогтоц, шинж чанар хар шороон, чулуулаг.
Бэлчээр : Тариалангийн талбайн хэмжээ 900 га, ургамлын аймаг, төрөл : Эмийн таван салаа, алтан товч, сөд, аньс, язгуу, туйплан, гоньд, цагаан төмс, улаан төмс, эгэл бавран, олон наст ургамал . Ой мод ихтэй учир бэлчээрийн даац багатай, модлог ургамалтай,эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх бололцоотой. Ой модны байдал : модны хамгийн өндөр 85 м, бүдүүн 78 см, мод хоорондын зай 2-3 м, нарс, хус, жодоо, улиас ихээр ургадаг. Самар, жимс, мөөг ихтэй. Ан амьтан элбэг, буга согоо, хандгай, шилүүс, гөрөөс, баавгай зэрэг амьтадтай.
Уур амьсгал : Өвлийн улиралд хүйтний эрч 20-35 хэм, зуны улиралд халууны хэмжээ + 18+35 хэм, хур тунадасны хэмжээ өвөл 40-100 см цасан бүрхүүлтэй. Чийглэг сэрүүн уур амьсгалтай.
Ашигт малтмал : Уурхайн орд боломж – алт, нүүрс, цагаан тугалга, төмрийн хүдэр ашиглагдах боломжтой.
Гол горхи : Ерөө, Бугант, Толгойт, Жаргалант, Салбартай, Өлөнтийн горхинуудаас гадна Баянцагааны, Ерөөгийн халуун, Дойт гэх мэт халуун рашаануудтай.
2023 оны жилийн эцэст тоологдсон мал 12283, үүнээс адуу 2575, үхэр 5192 хонь 2530, ямаа 1986. Мал бүхий өрх 104, малчин өрх 87 байна.
© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency